» » Цахилгаан, дулааны ЭХ-ний үнэ, тарифыг тогтоох аргачлал

Цахилгаан, дулааны ЭХ-ний үнэ, тарифыг тогтоох аргачлал

2017 оны 07 сарын 31,    9759

Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлал

 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энэхүү аргачлалын зорилго нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх үнэ, диспетчерийн зохицуулалт хийх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ” гэх/-ийн үйлчилгээний төлбөр, тариф, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтооход оршино.
 
1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны сүүлийн 3 жилийн бодит зардлын гүйцэтгэлд тулгуурлан энэхүү аргачлалын дагуу тарифыг тооцож, саналыг ЭХЗХ-д оруулна.
 
1.3. Үнэ тарифын тооцоонд техник эдийн засгийн үзүүлэлт, эрчим хүчний баланс, төлөвлөгөөнд тусгагдаагүй зардлын үндэслэлийг холбогдох тайлбар, тооцооны хамтаар хавсаргана.
 
Хоёр. Нэр томъёо
 
Энэхүү аргачлалд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
       
2.1. Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ (БОш) - Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны нийт зардал, хөрөнгө оруулалтын өгөөжийг тусгасан борлуулалтын орлого;
           
2.2. Бүрэн өөрийн өртөг (БӨӨ) – Бүх төрлийн зээлийн хүү, ажиллагсдын нийгмийн зардлыг оролцуулаагүй  өөрийн үндсэн үйл ажиллагааны зардлын нийлбэр;
       
2.3. Эрх бүхий байгууллагаар баталгаажсан татаас – Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа болон бусад байгууллагаас олгох санхүүжилт;
 
2.4. Хөндлөн татаас - Цахилгааны тарифт шингээх дулааны үйлдвэрлэлийн санхүүгийн алдагдлын хэмжээ;
 
2.5. Үйлчилгээний биет хэмжээ - Үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх эрчим хүчний тоо хэмжээ;
 
2.6. Хөрөнгө оруулалтын өгөөж - Хөрөнгө оруулалтаас олох урт хугацаат зээлийн хүүгийн зардал, ажиллагсдын нийгмийн зардлыг тусгасан ашгийн хэмжээ;
 
2.7. Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь - Урт хугацаат зээлийн хүү, өөрийн хөрөнгийн өгөөжийн хувийн жигнэсэн дундаж;